Тим Бертон: Тим Бертон- Д.НОМИН
Бийтлжүүс, Хайчин гарт Эдвард, Үхсэн сүйт бүсгүй гээд л сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ алдартай бүтээлүүд нь Тим Бертон найруулагчийн нэрийн тэмдэг болж хангалттай чаддаг билээ. Түүний хамгийн шинэ бүтээл болох “Бийтлжүүс Бийтлжүүс” саяхан нээлтээ хийн үзэгчдийн ярианы сэдэв болж эхэлж байна.
Лидиа (Винона Райдер) өөрт нь болон өөрийнх нь сүнс харах чадварт итгэдэггүй охин болох Астрид (Жэнна Ортега)-ийн хамт хуучин амьдардаг байсан байшиндаа эргэн ирнэ. Харин Астрид ойролцоох байшинд байдаг хүүтэй танилцсанаар асуудалд орж Лидиа Бийтлжүүсийг дуудан охиноо аврахаас өөр аргагүйд хүрнэ. Ийнхүү маш хөнгөн эхэлсэн шигээ үйл явдал, асуудлууд мөн л хөнгөн урсан өнгөрч биднийг гайхшируулж балмагдуулахаар эргэлт, зохиолын онцгойрох зүйл байхгүй байв.
Ийм хөнгөн зохиол дээр өөрийн галзуу, зарим талаар гаж гэж хэлж болохуйц дүрслэл дүрүүдээр (анимейшны төрөлтэй ч мөн холин) киногоо чимж хийдэг нь Тим Бертоны онцлог. Мөн хувцаслалт болон сет дизайны ажил хэрхэн түүний бүтээлийг тодорхойлж өгдгийг бид түүний өмнөх бүтээлүүдээс мэднэ. Энэхүү кинондоо ч мөн Делорес (Моника Беллучи) гэх дүрийн хуваагдсан биеэ хооронд нь үдэж холбосон байдал, гарын чинээ толгойтой үхдэлүүд гээд бүх л дүрүүд орчнийг хангалттай нүд баясгахуйц байлгаж мөн зэрэгцээд үзэхийн аргагүй гажиг байдалтай болгож хийжээ. Зөвхөн дизайны ажил ч биш хөгжим энэ киног тодорхойлоход мөн чухал үүрэг гүйцэтгэж байв. Дэглэсэн хөдөлгөөнтэйгөөр дүрүүд бүжиглэх аль эсвэл үйл явдлын зөрчилтэй, өсөлттэй хэсгүүд дээр дуу их ашигласан байсан нь энэхүү киног улам энтертайнмент шинж чанартай болгосон байна. Үүнд мюзикл киноны хэв маягаар хийсэн сценүүд ч мөн хэд хэд байсан юм.
Бийтлжүүс (1988) буюу эхний анги дээр Бийтлжүүс гэх дүрээс бусад дүр харьцангуй амьд буюу үнэмшилтэй, натурал жүжиглэлттэй байдаг бол энэхүү дараагийн ангид кинон дахь энгийн амьд хүмүүсийн дүрүүд буюу Лидиа түүний ээж охин гээд дүрүүдийн жүжиглэлт хэтэрхий том тоглолттой, үнэмшилтэй биш мэдрэмжийг өгч байв. Кино дөнгөж эхлэх үед л Винона Райдер хөмсгөө хэт зангидсан, сандарч мэгдсэн мэт жүжиглэлттэй байсан ба үүнийг эхлэл хэсэгт дүрийн шаналалтай байгааг илтгэх зорилготой юу гэж бодсон ч кино дуусан дуустал түүний царайг тийм хэвээрээ харагдана. Энэ жүжиглэлт зөвхөн Винона Райдераас ч биш бусад жүжигчдээс ч бага зэрэг ажиглагдаад байсан тул тэдний тайван, натурал, амьд уур амьсгалыг мэдрэх нь ховор байлаа.
Харин яг л эхний анги шигээ аймшгийн хэр нь инээдмийн мөн сонин гэх үү уур амьсгалыг шингээсэн хэвээр байгаа нь найруулагчийн хувь хүн болоод өөрийн гэсэн гоозүйн таашаал, шинж чанараа хадгалсаар буйг батлах шиг боллоо.
Дэлгэрийн Номин нь кино найруулагч мэргэжлээр Радио Телевиз Медиа Урлагийн Сургуулийг төгссөн. “Би манлайлагч” богино хэмжээний киногоороо DigiCon6 ASIA Contest-ээс Rising Star шагналыг хүртэж мөн “Байгалийн эсрэг”, “Үлэмжийн чанар” зэрэг эксперименталь богино хэмжээний кинонуудаараа Алтан Өргөө, Калькутта, Бусан, Богура зэрэг олон улсын богино хэмжээний кино наадмуудад албан ёсоор оролцож байв.