Бид юуг туулна вэ? – Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Жюстин Трие найруулагчийн бүтээл болох “Уналтын задлан” 2023 онд нээлтээ хийсэн даруйдаа Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн юм. Залуу эмэгтэй найруулагчийн бүтээл хэдий ч “сэтгэлийн уналт”-ыг айхтар гярхайгаар олж нээжээ.
Герман зохиолч Сандра нөхөр Самюэл, 11 настай хүү Даниэлийн хамт Альпийн нурууны өвөр дэх буйдхан тосгонд амьдран суудаг. Гэтэл нэг өдөр амьсгал хураасан Самюэлийн цогцос байшингийнх нь ойролцоох хунгар доороос олдоно. Цагдаагийнхан Самюэл амиа егүүтгэсэн үү, бусдын гарт амиа алдсан уу гэдгийг тодруулахаар мөрдөж, Сандраг гол сэжигтнээр татна. Ингэсээр яваандаа Самюэлийн үхлийн шалтгааныг тодруулах мөрдлөгөөр зогсохгүй Сандра, Самюэл хоёрын ярвигтай харилцааны сэтгэл түгшээсэн баримтууд ил болно.
Эхнэр нөхрийн хувийн амьдрал, ээдрээт асуудлууд шүүх хурлын үеэр илчлэгдэхэд бяцхан хүү юу бодож, цаашид хэр их сэтгэлийн өвдөлтийг мэдрэн амьдрах бол доо гэсэн бодол толгойд эргэлдэж байлаа. Энгийн л нэгэн гэр бүлийн амьдрал руу өнгийгөөд харахад эхнэр нь нөхрөө хүүгийнхээ хараагүй болсон явдалд буруутган, нөхөр нь эхнэрээ өөрийнх нь санаагаар бүтээлээ туурвиж, номоо хэвлүүлдэгт дургүйцэн, өөрийгөө буруутгах, голох мэдрэмжтэйгээр амьдралаа үрнэ. Сайн ажвал бидний амьдралаас нэг их хол зөрөхөөргүй л гэр бүлийн харилцаа.
“Уналтын задлан” киноны төрлийг Америкийн кино хүрээлэн (AFI) “шүүхийн драм” (courtroom drama” буюу киноны өгүүлэлд шударга ёсны тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг кино гэж тодорхойлсон байдаг. Жишээ татахад алдарт “Suits” цуврал энэхүү төрөлд хамаарагддаг болохыг олж мэдсэн юм. Гэхдээ сонирхлыг минь татсан нь киноны төрлөөс илүүтэй киноны “хөгжим” байлаа. Киноны хөгжимд (M.P. Bacao Rhythm & Steel) хамтлагийн 7 жилийн өмнө олны хүртээл болсон уран бүтээлийг ашигласан нь цохилттой (beat) хөгжмөөр нөхрийн гаднаа чимээгүй байгаа хэр нь сэтгэл доторх өрнөх буцлам уур бухимдал, цөхрөлийг оновчтойгоор илэрхийлсэн нь найруулагчийн хамгийн оновчтой шийдэл байв.
Жүжигчдийн тоглолт Франц киноны дүрүүдийнхтэй адил төстэй санагдав. Хүчилсэн зүйлгүй, амьдрал дээр тохиодог хөндийрсөн хосуудын харилцааг үнэн дүр төрхөөр нь үзэгч бидэнд харуулж чадлаа. Хэдийгээр киноны үйл явдал өвөл өрнөж, гол дүрийн үхлийн тухай шүүх хурал дээр ярилцаж байсан ч зураг авалт, хувцасны зураачийн дүрүүддээ тод өнгийн хувцаслалт сонгосон зэрэг нь киноны жихүүн хүйтэн уур амьсгалыг зөөллөсөн юм.
Киноны төгсгөлд шүүх тодорхой шийдвэрт хүрэн Самюэлийн үхлийн хэргийг эцэс болгодог ч гэр бүлийн хувийн асуудлыг олон нийтэд дэлгэн харуулдаг нь бид нэгнээ мэддэг юм шиг амьдардаг хэр нь огт танихгүй хүн мэтээр аж төрдөг нь харамсалтай гэж бодогдуулам. Кино дуусах үед эхнэр Сандра цаашид яах бол доо гэх бодлоос илүү хүү Даниэлийн амьдрал яаж өрнөж, сэтгэлийн олон давааг давж амьдрах болж байгаа нь санаа алдахад хүргэлээ. Бид хайр энэрэл дунд аж төрөхийг хүсдэг ч хахир хүйтнийг өөрөөсөө ялгаруулсаар л амьдралын тойрог дунд бэдчиж явна даа.
