Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Кино шүүмж бичих арга зүй” сургалтын оролцогчдын кино шүүмжийг цувралаар хүргэж байна.
ХаРиЛцАаНы УнАлТ – Б.ЗУЛСАЙХАН
2023 оны Каннын кино наадмын Palme d’Or дээд шагналыг хүртсэн Justine Triet найруулагчийн “Уналтын задлан” (Anatomy of a Fall) кинонд дээврээс унаж нас барсан Samuel-ын үхэлд эхнэр Sandra сэжиглэгдэн, харааны бэрхшээлтэй Daniel хүү нь хэргийн гол гэрч болон оролцдог. Төлөвлөсөн, төлөвлөөгүй аллага аль эсвэл амиа хорлолт гэдгийг шийдэх шүүх хурлын явцыг үзэх тусам энэ нь зөвхөн үхлийн тухай бус аажмаар үхэж буй мэт байсан хосуудын харилцааны уналтыг дүрсэлсэн санагдав.
Сайхан зан чанарт татагдан дурлах, илэрч болох алдаа дутагдалд дургүйцэн шүүх, өөрийн хүсэлд нийцүүлэн бусдыг өөрчлөх гэж оролдох нь хүн хоорондын харилцаанд л байх асуудал билээ. Эдгээрээс өөрчлөх гэсэн оролдлого нь маргаан, үл ойлголцлын эхлэл болдог гэдгийг Samuel, Sandra хоёрын харилцан ярианаас харж болно. Нэгнийгээ шүүн хэлэлцэж, буруу зөвөө дэнсэлснээр л тэд нэг нэгнээ алдаж, улам хөндийрөн, туйл хэсэгтээ ямар ч харилцаа өрнөх боломжгүйг илтгэсэн Samuel-ийн үхлээр төгсдөг. Энэ үхэл хэдий төгсгөл ч гэлээ үүнийг киноны зангилаа болгон зохиомжилж, үр дүнгээс шалтгааныг хайх эрэлд хөтөлснөөр киног сонирхолтой болгох чимгүүдийг оруулах боломж олгожээ.
Samuel-ийн үхлийн шалтгаан нь толгойны гэмтэл гэж тогтоогдож, тэр гэмтлийг унахаасаа өмнө аль эсвэл унах үедээ авсан бэртэл болохыг нотолсноор хэрэг нэг тийш шийдэгдэх байлаа. Гэвч аль аль нь байж болох нөхцөл гэдгийг шүүхийн шинжилгээний мэргэжилтэн, шинжээчид тайлбарласнаар, дүрүүдэд амиа хорлох, санаатай аллага үйлдэх сэдэл байсан эсэх дээр талууд мэтгэлцэнэ. Энэ шүүхийн үйл явц, харилцан яриа, таамаглалууд нь маш үнэмшилтэй, сонирхолтой байсан нь 152 минутын киног уйдахгүй үзэх гол хөшүүргүүдийн нэг болж чадсан ба эхнээсээ дуусах хүртлээ жинхэнэ бодит байдлыг үл харуулж, үнэн зөвийг шүүн дэнсэлсэнгүйгээрээ үзэгчдэд өөр өөрийнхөөрөө ойлгох хугацаа олгосон нь бусад нэг төрөл жанрын киноноос ялгарах онцлогтой байлаа.
Зураг авалтын хувьд close up (ойртуулж харуулах) дүрслэл ихээр ашигласан ба ийн нэг хэсэгт төвлөрөн түүнийг удаанаар харуулж байгаа нь тухайн агшинд чухал санаа байгааг дүрсэлсэн мэт бодолд хүргэж байв. Мөн дүрүүдийн нэрсийг, хосуудын дурсамжит зургуудтай хамтад нь кино хөгжмийн зохиолтой нь дэвсэж оруулсан нь эргэн тэдний төгсгөлийг санахад, гунигтай мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлмээр. Ерөнхийдөө удаан хэмнэлтэй кино хэдий ч, үе үе Daniel хүү төгөлдөр хуур дээр Chopin-ний аяыг эв хавгүй тоглоход түгшүүрт мэдрэмж төрүүлж, үйл явдлын хурцадмал байдал хийгээд түүний сэтгэл санааны давлагааг далдаар илэрхийлэв бололтой.
Киног анх үзэхэд Sandra-г нөхрөө хороосон гэдэгт бат итгэж байсан ч, дахин үзэхэд дүрийг бүтээсэн жүжигчний жүжиглэлт энэ дүгнэлтэд эргэлзэхэд хүргэв. Нөхрийнхөө зургийг гуниг гашуудалтай харж суугаа харц, тэсэж ядсан ч тэвчишгүй болоод цурхиран уйлах мөч, нөхрөө санагалзан буйдан дээр хэвтэх урт удаан дүрслэл, “Би түүнийг алаагүй” гэж хэлэхэд сонсогдсон хоолойны өнгө зэрэг нь эс жүжиглэсэн мэт, дэндүү амьд байв. Мөн хэсэгхэн хугацаанд гарч байгаа Samuel-ийн бүхнийг өөрчилмөөр байгаа хүсэл тэмүүлэлтэй, хэт шийдэмгий байдал нь түүнийг амиа хорлосон гэхэд яагаад ч итгэмээргүй санагдав. Магад энэ үхэл санаандгүй тохиолдол байж ч болох юм гэж бодов.
Найруулагч хамгийн анхны чимээ болон дүрсийг нохойгоор эхлүүлж, нохойгоор төгсгөсөн нь, нохойнд дэлгэцийн цаг их байхаар зураглаж хийсэн нь Samuel-ийн үхэлд ямар нэгэн байдлаар холбоотой ч юм шиг санагдав. Кинон дээрх бүх жүжигчид дүрээ маш сайн илэрхийлж чадсан гэж хэлэхээр байна. Прокурорын дүрийг нэг үгээр маш зэвүүн гэж хэлэхээр, үнэхээр л ажил мэргэжилдээ дуртай, чадварлаг хийгээд ёжтой байсан нь киног чимж өгөв. Мөн Каннын кино наадамд Palm Dog шагнал байдаг бөгөөд уг киноны нохой тус шагналыг хүртжээ. Түүний жүжиглэлт үнэхээр алмайруулж чадав. Бараг л төгс гэж хэлэхээр болсон энэ кинонд нэг өөлөх зүйл байсан нь, Sandra-ийн өмгөөлөгч Vincent-ийн Sandra-г гэх сэтгэл нь найзаас илүү хайр дурлалын шинжтэй байсан нь байлаа. Тэр хоёрын хоёулхнаа байх тэр хэсгүүд киноны үйл явдал, утга санаанд огтоосоо хамааралгүй, илүүц найруулга байв.
Daniel өөрийн хувьд үнэн гэж итгэсэн гэрчийн мэдүүлгийг өгснөөр хэрэг явдал шийдэгдсэн ч, тэрхүү шийдлийг үнэн зөв эсэхийг сонгох шийдвэр бидний гарт үлдэж байна. Энэ чөлөөт сонголт нь, хүмүүс нэг нэгнээ шүүх үед шүүсэн шийдвэр нь хэзээ ч 100 хувь үнэн эсвэл худал байх боломжгүйг, бусдыг шүүх гэж оролдох үедээ л бүх зүйл буруу болж эхэлдэг гэдгийг харуулах гэж оролдсон мэт. Daniel-ийн дүрийг харааны бэрхшээлтэй болгож хөгжүүлсэн нь ч тэр, хөндлөнгийн хүмүүс бол хэн нэгний амьдралын асуудал, хоорондын харилцааг бүрэн дүүрэн ойлгож, хүлээж авдаггүй, зөвхөн өөрийн харахыг хүссэн, өөрийн итгэхээр сонгосон шийдвэртээ “сохроор шийдвэр гаргаж” байдаг гэдгийг тусгасан мэт санагдав. Samuel-ийн сэтгэл зүйч тэдний харилцааг дүгнэх гэж оролдох үед Sandra, “Уучлаарай, бүгдийг мэдэхгүй байж бидний харилцааны тухай надад заах гэж оролдохоо болино уу” гэж дургүйцсэн үеийн харилцан яриаг киноны гол утга санаа гэж хэлж болохоор санагдана. Ер нь хэн нэгнийг шүүн хэлэлцэх бид яг хэн юм бэ?
Эцэст нь, дээрх гүн гүнзгий философийг, дүрүүдийн хоорондох урт үргэлжлэх харилцан яриагаар чадварлаг илэрхийлж, анхаарлыг өөрийн эрхгүй өөртөө татаж чадахуйц кино болсон байна. Үзсэн хүн бүр өөрийн утгаар орчуулан тайлбарлах боломжтой нь тус киног баялаг бүтээл болсныг илтгэнэ.
Буянтогтох овогтой Зулсайхан нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн Утга зохиол судлаач хөтөлбөрийн 3-р түвшний оюутан. Өмнө нь кино шүүмж бичиж байгаагүй бөгөөд хамгийн анхны бичсэн кино шүүмж нь энэ юм.