One Beetlejuice, Please! – А.ЭНХМЭНД
“Энэ кино аймшгийн гэхэд айх зүйл алга, инээдмийн гэхэд инээх зүйлс багатай юм” гэх Beetlejuice Beetlejuice киноны маркетингийн албаны дунд гарсан явган шог яриаг олж уншсан юм. Мэдээж хэрэг эл киног ямар нэгэн хэв шинжид багтааж, төрөл зүйлд ангилах шаардлагагүй биз. Учир нь энэ кино бол Tim Burton л бүтээх абсурд ертөнц. Гагцхүү “үхэл” гэдэг зүйлийг хөнгөн хошин байдлаар дүрслэн, хүний хойд насны амьдралыг егөөдөн илэрхийлэх гуниггүй марзан өнгө аясаар сонирхолтой кино бүтээх нь ганц түүний сэтгэх зүйл мэт.
Киноны бүтэц нь эхний ангитайгаа (Beetlejuice, 1988) адил эхлэл, ижил төгсгөлтэй нь магад эхний ангидаа үзүүлж буй хүндэтгэл (tribute) мэт эсвэл нэг ёсны дахин бүтээж (remake) буй хувилбар шиг мэдрэмж өгөв. Мөн хөгжимт (musical) элементээ энэ анги дээрээ илүү баяжуулсан нь үзэхэд сонирхол татам бөгөөд хөгжмийн сонголтууд нь үнэхээр дурлуулам байсны нэг нь яахын аргагүй Bee Gees хамтлагийн Tragedy дуу мөн юм. Учир нь энэ хэсэгт шинэ дүр болох Delores (Monica Bellucci) буюу сүнс залгигч үзэгчидтэй анх удаа уулзах ба уг дүрийн танилцуулга нь нь сэтгэл хөдөлгөм байлаа.
Харин киноны зохиол хөгжүүлэлт хэт ядмаг, хялбар шийдэлтэй санагдсан төдийгүй, өмнөх ангитайгаа зууралдсан байдал буюу эхлэл хэсгийн (opening credits) дроны дүрс, байшингаас хөдлөөд зам дагуу уруудах машинтай хэсэг болон оочирлож буй үхэгсэд гэх мэт дахин давтагдах дүрслэлийг ажиглавал “хуучинсаг” гэсэн дүгнэлтэд хүргэм. Энэ кинонд үзэгчид эхний ангийн гол дүр Lydia (Winona Ryder)-гийн охин Astrid (Jenna Ortega, Wednesday цувралын гол дүр) болон Lydia-ийн шинэ найз залуу Rory (Justin Theroux)-той танилцана. Харин Rory, Delores болон өөр нэгэн шинэ дүр Jeremy (Arthur Conti) нарын үйлдлүүд нь тийм ч шийдэмгий ноцтой байсангүй. Жишээ нь өмнө нь дурдсан Delores дүрийн танилцуулга хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн ч цаашид гарах үйл явдалд төдийлөн нөлөөгүй, дэмий хоосон байсан бол Jeremy хэмээх Astrid-тай танилцах хүүгийн дүр нь сүрхий зальжин мэт боловч амархан ялагдаж буй байдал харагдав. Мөн Rory-гийн дүр Corpse Bride-ийн эсрэг дүр болох Barkis Bittern-ийг өөрийн эрхгүй санагдуулав.
Түүнчлэн тэртээ 1988 оны Beetlejuice киноны зохиолын бүтэц, киноны уур амьсгалыг давтаад хийчхэв үү дээ гэх хардалт байсан юм. Шинэ ангийн үйл явдлын ойлгомжтой байдал нь “үзэгчид 1988 оны киноноос давтагдаж буй элементүүдийг хэр зэрэг анзаарахаас хамаарна” хэмээн кино шүүмжлэгч Jonathan Romney Screen International кино сэтгүүлд бичсэнтэй санал нэг байна. Гэхдээ бидний харж буй Tim Burton нь өөрийн залуу насаа дурсаж, дотоод Tim Burton-доо хүндэтгэлтэй хандсан байж болох талтай шүү дээ.
Эхний анги дээрх кино зураачийн баг гайхалтай ажилласан нь тайз чимэглэл, хувцас дизайнаас бэлхэн харагдах ба эл анги дээр мөн л график дизайнерууд нь хэт төгс биш үзэмж, албаар мэт болхи төрх байдлыг дүрсээр болон тайз чимэглэлээр урласан нь сайхан шийдэл байлаа.
Уг киноны нэрийг Beetlejuice Beetlejuice хэмээн хоёр давтан хэлж буй нь магадгүй Beetlejuice Beetlejuice Beetlejuice гэх гуравдах бүлэг гарах бэлгэдлийн чанартай санагдлаа. Учир нь уг нэрийг гурвантаа дуудвал дүрсгүй чөтгөр Beetlejuice гарч ирж дүрсгүйтдэг билээ.
Michael Keaton жүжигчний хувьд ч, Beetlejuice дүрийн хувьд ч үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Хэдий сүйтгэгч дүрсгүй чөтгөрийн дүр ч гэлээ түүнд сэтгэл зүрх бий. Чухам яагаад чөтгөр болсон учир шалтгааныг энэ анги дээр шигтгэсэн нь чимэгтэй. Beetlejuice хэмээх эл чөтгөрийн дүрсгүйтэл алиа марзан байдлын ард үргэлж гуниг дүүрэн өөр нэгэн Beetlejuice байдаг. Магад инээд хөөр, аз жаргалын цаана гуниг гашуудал хүлээж байдаг ч байж мэдэх билээ.
May be an image of 1 person and text