Хувьсаагүй Хувьсалын хувь заяа – А.ХАШ-ЭРДЭНЭ
Сумын төвийн дэлгүүрийн гаднаас нүдэн баримжаагаар харвал 10-11 орчим насны эршүүд төрхтэй, нүүрэнд нь хэт томдсон гэмээр салхивч шилтэй, хүзүүгээ эрээн даавуугаар ороосон жижигхэн охин тод ногоон өнгөтэй, гурван дугуйт мотоциклийг сурамгай гэгч нь хаазлан асааж, хурдлан давхина. Харин түүний хажуу кабин суудалд 40 гаруй насны бавгар сахалтай, чихээ дарсан онгоцны нисгэгчийнх шиг малгайтай, нэлээд архи балгаж халамцсан бололтой эр унтаа байдалтай явна. Мотоцикл унаж яваа өсвөр насны хэрсүү охиныг Хувьзаяа (өсвөр үеийн залуу жүжигчин У.Нартай) гэдэг бол хажууд нь унтаж байгаа хүн түүний аав Пунцаг (П.Эрдэнэзаан) юм. Аав охин хоёр ам бүл хоёул, говь нутгийн хөдөө мал маллан амьдардаг бөгөөд сумын төв рүү ирж хүнсээ базаачхаад буцаж яваа нь тэр.
Хувьсал продакшны дэлгэцийн 8 дахь уран бүтээл болох “Хувь Заяа” уран сайхны киноны дээрх эхлэл хэсгийн сцен нь үзэгч надад тун догь санагдсан. Аав нь уусан юмандаа бараг л тасарч унаад жолоо барих чадваргүй болсон үед түүнийг ажралгүй “Шаахай” (Оросын Урал М-72 загварын мотоциклийг Монголчууд ийн нэрлэдэг)-даа шуудайтай гурил болон бусад хүнсний зүйлсээ ачаад, хээв нэг гэр лүүгээ давхиж яваа нь өмнө нь Хувьзаяад ийм явдал бишгүй л тохиолдож байсан буюу хөдөө нутагт өссөн хүүхэд бага балчиртаа хэдийн тулгарсан асуудлыг туулах аргаа мэддэг, биеэ даасан байдгийг илтгэх мэт. Мөн тус сценд Монгол ардын дуу “Ванлий” (дуучин Д.Бурмаагийн дуулсан хувилбар)-г ашигласан нь сайн зохицол болжээ.
Киноны гуравдах гол дүр бол сумын төвөөр олны анхаарлыг өөр дээр төвлөрүүлэн алхах 40 эргэм насны хээнцэр эмэгтэй Сүрэн (У.Уранчимэг) болой. Харваас Сүрэн өмнө нь бага залуудаа энэ нутагт амьдран сууж байсан, нутгийн олон ч түүнийг эчнээ таньж мэддэг болох нь анзаарагдана. Уг сцен нь 2000 онд гарч байсан “Малена” киноны хэсэгтэй ижил төстэй санагдсан.
Энэхүү бүтээлийн найруулагчаар Хувьсал продакшны зохиолч, найруулагч, тус продакшны өмнөх кинонуудад жүжигчнээр ажиллаж байсан Г.Бямбасүрэн ажиллажээ. Бямбасүрэн найруулагчийн зохиол нь Пунцаг-Хувьзаяа-Сүрэн гэсэн гурван өөр хүсэл зорилготой, хувь хувьдаа өөрийн гэсэн зовлонг амсаж яваа гол дүрүүдтэй. Эхний хэсгийн дараа тэдгээр нь тодорхой болсон бөгөөд цаашид найруулагч хэрхэн гол дүрүүдээ огтлолцуулж, тэдний өмнөх түүхүүдийг ил болгож, зөрчлүүдийг гаргаж ирэх бол гэсэн хүлээлтийг үүсгэж байсан.
Говь нутгийн хөдөө амьдардаг айл, тэдгээрийн ахуйг харуулах аястай ч аж ахуйтайгаа харилцах харилцаа багатай, хөгжмийн тал дээр дүрүүдийн хоорондын маргаан, тэмцэл, эргэлт гарах үед л огцом солигдохоос өөрөөр чихэнд хоногшиж үлдэхүйц бус, хөндий хоосон сонсогдож байлаа. Найруулагчийн ахуйтай бага зэрэг ойртуулсан байж болох шийдэл нь ингэ хөөслөх буюу “ботго авхуулах зан үйл” ба гологдсон ботго, Хувьзаяа охин хоёрын тавилан ижил мэт зүйрлэлийг үзүүлсэн. Пунцаг-Хувьзаяа-Сүрэн нарын гуравласан зөрчилдөөнтэй үзэгдлүүд дээр камерын тавилтууд хөгжмийг дагаж өөрчлөгдөх авч эхний сценийг гүйцэхүйц сонирхолтой байсангүй.
Жүжигчин Уранчимэг, Эрдэнэзаан нарыг өмнө нь дэлгэцээр олон төрлийн дүрд өчнөөн янзаар харсандаа ч юм уу шинэлэг зүйлс тэднээс ажиглагдахгүй байсан бол өсвөр үеийн хүүхдүүд дундаасаа сонгон шалгаруулалтаар гарч ирсэн Нартай өөрийн уналт босолттой харилцан яриануудаараа кинонд өнгө нэмж, онцгойрч харагдсан. Түүний хоолойн өнгө болон текстээ цоглог бөгөөд нүүрний хувирлаа гарган тоглож байгаа нь таалагдсан.
Хайртай эмэгтэйтэйгээ эргэн нийлж амьдралаа холбох хүсэлтэй нөхөр Пунцаг, өмнөх амьдралаас нь үлдсэн хар бараан толботой, түүндээ шаналах эхнэр Сүрэн, төрүүлсэн ээжийгээ хэзээ ч мартаагүй охин Хувьзаяа гурвын эдгээр хоорондох холбоог найруулагч төдийлөн ашиглаж чадаагүй. Сүрэнд тун дургүйлхэж байсан Хувьзаяа гэнэт л дараагийн сценээр түүнд сайн хандаж эхлэх, Пунцаг Сүрэнгийн асуудлыг хялбархан шийдэх, ингээд цочирдом хурднаар аз жаргалтай гэр бүл болж хувирах, төд удалгүй болох хэт шуурхай эргэлт зэрэг нь киног бүхэлд нь үзэгчийг уйлуулахад “хүчилсэн” төдийгүй зовлонгоор бөмбөгдсөн “хийсвэр” харагдуулахад хүргэсэн юм.
Сүүлийн жилүүдэд гарсан Монгол кинонд ажиглагдах болсон маркетингийн түгээмэл нэгэн арга барил бол киноны постер болон трейлерт ашиглах зорилгоор олны танил, мэргэжлийн бус алдартай эрхмүүдийг киноны 1-2 сценд “шургуулан” оруулах явдал. Тус маркетингийн “мэх” нь киноны борлуулалтад эерэг үр дүн авчирч болох ч үүнийг “Хувь Заяа”-гийн төгсгөлийн хэсэгт оруулсан нь хамгийн тааруухан найруулгын шийдэл байлаа.
“Эмэгтэй хүн бүрийн дотор эх хүний сэтгэл оршиж байдаг” гэсэн логлайн өгүүлбэрээ батлах гэсэн мэт киноны туршид Сүрэнгийн дүрийг өмгөөлсөн, зөвтгөсөн тавилтууд явсан нь нөгөө хоёр гол дүр болох Пунцаг, Хувьзаяа нарыг хүсэл, зорилгогүй, ач холбогдолгүй болгож харагдуулсан. Улмаар Хувьсал продакшны шинэ уран бүтээл нь өмнөх бүтээлүүдээсээ агуулгын хувьд хувьсаж өөрчлөгдсөн зүйлгүй болох нь тодорхой болсноор дээрх гарчгийг оноож дүгнэсэн билээ.
Алтанхуягийн Хаш-Эрдэнэ нь кино сонирхогч ба ДДЭШ ТВ ХХК-ий Контент хөгжүүлэлтийн хэлтэст Суваг хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр кино шүүмж бичих өөрийн сонирхлын дагуу Фейсбүүк платформ дээр “Кино Сонирхогчид” нэртэй хуудас хөтөлдөг бөгөөд тэрхүү хуудсаараа дамжуулан “Шар Гэгээ”, “Restart”, “Cobweb” зэрэг кинонууд дээр богино бичвэрүүд бичиж нийтэлж байжээ.
