Уналтын дараах буюу ‘хонгилын үзүүрт гэрэл анивчих’ үе
Уналтын дараах буюу ‘хонгилын үзүүрт гэрэл анивчих’ үе
Эдийн засгийн үзүүлэлтүүд өсөн нэмэгдэж, зах зээлт нийгэм-эдийн засгийн тогтолцоо харьцангуй ‘төлөвшиж’ эхэлсэн 2000 оны үетэй зэрэгцэн Монголын кино үйлдвэрлэлд ч эерэг зүйлс тохиолдож эхэлжээ. Тухайлбал, 1990-ээд оны өмч хувьчлалын үр дүнд кино театрууд үйл ажиллагаа нь нэг бол бүрэн зогсох, эсхүл эрс өөрчлөгдөж, устах дөхсөн орон зайг нь орон сууцны байрны орцод байрлах видео үзвэр, түрээсийн (прокат) газрууд орлоод байсан бол 2003 онд гадаадын хөрөнгө оруулалт бүхий, орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис” кинотеатр хуучин “Ялалт” кинотеатрын бууринд шинэчлэгдэн байгуулагдаж, улмаар 2009 онд “Өргөө”, “Өргөө 2”, “Хүннү”, “Гэгээнтэн”, “Imax” зэрэг кинотеатр тус тус үүдээ нээжээ. Үүнийг кино үйлдвэрлэл уналтад орж, экосистем нь тасалдан доголдсон ч үзэгчдийн хэрэгцээ буураагүйтэй холбон тайлбарлаж болно. Эрэлт төдийлөн буураагүй, кино үйлдвэрлэлийн нийлүүлэлт доройтсон хэдий ч амь бүрэн бөхөөгүй тул нийгэм-эдийн засгийн үзүүлэлт өсөх хэрээр дотоодын кино үйлдвэрлэлийн экосистем аажмаар сэргэн бүрэлдэх болсон нь 2000 оноос эхтэй. Энэхүү сэргэлтийн өөр нэг тулгуур нь Монголын кино уран бүтээлчид олон улсын кино урлагийн туршлагаас суралцах, орчин цагт олон улсын түвшинд хэрхэн санхүүжилт босгож, урлагийн чанартай бүтээл туурвих талаар мэдлэг туршлагатай болж эхэлсэн явдал юм. Үүнд, найруулагч, зохиолчоор Петр Бросенс, Д.Төрмөнх, зураглаачаар С.Бямба ажилласан “Нохойн орон”; найруулагч Д.Бямбасүрэнгийн “Ингэн нулимс”, “Шар нохойн там” гэх бүтээлүүдийг дурдаж болно.
Хэдийгээр статистик тоон үзүүлэлт бүрэн бус ч дотоодын уран бүтээлчдийн өөрсдийн хийсэн тойм судалгаагаар 500 гаруй кино студи үйл ажиллагаа явуулж, 2013 онд жилдээ 22 кино нээлтээ хийн, кинотеатрын үзвэрээс нийт 2.6 тэрбум төгрөгийн орлого олсон бол 2014 онд энэ дүн 39 кино болж, орлогын дүн нь 4 тэрбум давсан нь үүнийг илтгэнэ. Холливүүдээс улбаатай, арилжааны кино үйлдвэрлэлийн дотоодын ‘блокбастер’ киноны жишгүүд ч Монголын кино зах зээлд төрж эхэлсний нэг жишээ нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино 731 сая төгрөгийн ашиг олсон явдал юм.
Сүүлийн үеийн он оны тоо баримттай танилцвал 2015 онд 38, 2016 онд 49, 2017 онд 32, 2018 онд 37, 2019 онд 31, 2020 онд 17, 2021 он 17 кино дэлгэцнээ гарсан байна.
Нөгөө талд арилжааны бус буюу артхаус, тусгаар (independent) хэмээн нэрлэгддэг харьцангуй хумигдмал экосистем, зах зээл бүхий урлагийн кино сонирхогчдын хүрээлэл өсөн нэмэгдэхийн хэрээр тэдний нийлүүлэлтэд нийцсэн ‘DIY’ бүтэц, загварт суурилсан алтернатив кино үзвэрийн орчнууд бүрэлдэж эхэлсэн аж. Тодруулбал, “Алтан хальс” ТББ-ийн “Dreamer’s day” гэх долоо хоног тутмын сонгодог, урлагийн кино үзвэр 2009 оноос хойш дээр дурдсан сул орон зайг нөхөхөөс гадна өөрсдийн үзэгчдийн хүрээллийг ч бүрдүүлж чаджээ.
Урлагийн киноны орчныг бий болгох, үзэгчдийг бэлдэх (audience building) талаар чамгүй амжилттай яваа өөр жишээ дурдвал, Соёлын Яам, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөлийн санаачилга, дэмжлэгээр 2013 оноос хойш жил тутам зохион байгуулагдаж буй “Улаанбаатар”, “Алтан өргөө”, богино хэмжээний киноны “48 цаг” зэрэг олон улсын кино наадам болно.
2018 онд Франц улсын Везул хотод долоо хоног үргэлжилсэн Азийн орнуудын ХХIV кино наадамд Азийн олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, хөтөлбөр төлөвлөгч, Азийн кино судлаач Бастиан Мейерсон (Bastian Meiresonne)-ы сонгож авснаар “Норжмаагийн зам”, “Шинэ жил”, “Амин мөр”, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, ”Моторын дуу”, “Сэрэлт”, ”Монгол хүү”, “Хүсэл шунал”, “Аргамжаа”, “Солонгын таван өнгө” зэрэг 15 киног сурталчлан танилцуулсан юм. Уг наадмын захирал Жан Марк “Коммунист найруулагчдаас бурхны лугаа адил бүтээлүүд төрөн гарсныг би монгол киноны фокусаас оллоо” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Монголын киног оросууд авчраад суулгаад өгчихсөн мэт харагддаг, яригддаг. Гэвч Монголын кино өөрийн уламжлалтай, түүнийгээ өнөө ч хадгалсаар яваа бөгөөд үндэсний хэв шинжийг олж, онцлог төрхтэй хөгжиж байсан, одоо ч тийм байгаа нь олзуурхууштай ололт юм” хэмээн тэрээр дүгнэжээ.
Орчин цагийн Монголын кино урлаг арилжааны, артхаус, баримтат болон телевизийн олон ангит кино гэх олон төрөлд уран бүтээлүүд төрөн гарсаар байна. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Ларьдма”, “Үргээлэг”, “Цагаан хадаг”, “Би нар”, “Гэргий”, “Худалдагч охин” кино; найруулагч, кино зохиолч С.Бямба, продюсер Ц.Ариунаа нарын олон улсын хамтын бүтээл “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн”; зохиолч, сэтгүүлч Л.Номингийн “Хүрд” баримтат кино; найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн олон улсын хамтын бүтээл “Хийморь”, олон ангит кино “Тэгри чину”; U Film нэгдэл, залуу найруулагч Л.Бат-Амгалан нарын “Single Ladies 4”; жүжигчин Б.Амарсайхан, продюсер С.Уран нарын “Хохирогч” олон ангит кино; найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” зэрэг кино бүтээл үүний жишээ юм.
Кино урлагийн салбарт хөл тавьж буй залуу уран бүтээлчдээс П.Лхагвадулам “Шилүүс” богино кино бүтээлээрээ Каннын кино наадмын богино кино уралдаанд албан ёсоор сонгогдож, Монголын уран бүтээлчдийг түүчээлэв. Мөн залуу найруулагч П.Золжаргалын “Шат” богино кино нь Оскарын шагнал гардуулах 94 дэх ёслолын “Шилдэг богино кино төрөл”-д нэр дэвшихээр өрсөлдөх эрхийг хүртсэн билээ.
Түүнчлэн АНУ-д уран бүтээлээ туурвиж буй найруулагч М.Бишрэл, жүжигчин М.Ивээл нар “In the land of lost angels”, “Beloved”; ХБНГУ-д уран бүтээлээ туурвиж буй найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар”, “Хар сүү”; найруулагч Д.Бямбасүрэн “Алтан судал” олон улсын хамтарсан бүтээлүүд туурвижээ.