МОНГОЛЫН КИНО УРЛАГИЙН ХӨГЖЛИЙН ҮЕ – II
1980-аад оны дунд үед Монголын кино урлаг цогцолбор хөгжлийн оргил түвшинд хүрсэн гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд нийт ажиллагсдын 80 гаруй хувь нь дээд, дунд боловсрол эзэмшиж, янз бүрийн сэдэв чиглэлээр кино бүтээх явдал бүрэн жигдрэн хэвшжээ.
Уран сайхны кино найруулах ажлын гараагаа “Ардын элч” киногоор эхэлж, 1959 онд Москвагийн, 1960 онд Канадын олон улсын кино наадамд амжилттай оролцон, улс орныхоо алдар нэрийг бүрэн эрхтэй дуудуулсан 2 дахь найруулагч бол Д.Жигжид юм.
Д.Жигжид “Цогт тайж”-ийн зургийг авч байхдаа Ю.Тарич найруулагчийн ажиллагааг нарийн ажиглаж, бас зохиол болон жүжигчинтэй ажиллах арга барилд суралцаад зогсохгүй, оператор, найруулагчийн тухай багагүй зүйл мэдэж авчээ. Тэрээр жүжигчин сонгохдоо үнэхээр чадварлаг, туйлын мэдрэмжтэй уран бүтээлч болох нь дараах кинонуудаас нь харагддаг. Тухайлбал, “Улаанбаатарт байгаа миний аавд” киноны Долгор (эмч Ч.Тогтох), “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл (найруулагч Д.Довдон), Должин (радиогийн нэвтрүүлэгч С.Батсүрэн), “Ард Аюуш” киноны Аюуш (зохиолч Л.Чойжилсүрэн), “Өнөр бүл”-ийн Цэрмаа (дуучин Ц.Чулуунцэцэг) нарын мэргэжлийн бус хүмүүсийг амжилттай тоглуулсан билээ.
Найруулагч Д.Жигжидийн “Хүний мөр” кино нь үзэл суртлын ихээхэн маргаан дэгдээж, хаагдах дөхөж байсан нь дан ганц хувьсгал, суртал ухуулгын шинжтэй биш, олон давхар бэлгэдэл, Монгол түмнийг нэрвэсэн түүхийн сүүдрийг зоригтой сөхсөнтэй нь холбоотой байв. Энэхүү бүтээлээс түүхэн үнэнийг өгүүлсэн зарим хэсгийг хасаж, өөрчлөн эвлүүлсэн хэдий ч “зохиолчийн хэлэх гэсэн уран санаа, бэлгэдлүүд нь төдий л алдагдаагүй билээ.
Найруулагч Д.Жигжид зэрэгцээ, дурсамжийн, үг, дуу, хөгжмийн, энгийн тайван өгүүлэмжийн тодорхой нэг планаас нөгөөд утга өгөх хэлбэрийн гэх мэт олон зүйлийг амжилттай ашигладаг байв. Хожим 2000 онд “Зууны мэдээ” сониноос зарласан олон нийтийн санал асуулгаар найруулагч Дэжидийн Жигжид “ХХ зууны манлай кино найруулагч”-аар тодорсон байдаг.
70 шахам жил Монголын нийгмийн амьдралд ноёрхож байсан нэг намын тогтолцоо, үзэл суртлын хатуу бэрх хана хэрмийн чанадад нэвтрэн орж ирснээр олон арван жилийн турш дарагдаж явсан монголчуудын үндэсний бахархалд тулгуурлан, тусгаар улсын үнэ цэнийг мэдрэхийн төлөөх оюун санааны хувьсгал хүчээ авсан их өөрчлөлт, тэмүүллийн он жилүүд бол 1980-аад оны сүүлч байв.
Монголын нийгмийн түүхэн тодорхой цаг үе нь Мандхай хатны тухай бүтээл туурвих боломжийг уран бүтээлчдэд ийнхүү олгосон юм. Чойбалсангийн нэрэмжит шагналт, академич Шагдаржавын Нацагдорж 1981 онд “Мандхай цэцэн” түүхэн роман туурвисан нь уншигч түмний талархлыг хүлээсэн шилдэг зохиолуудын нэг болсныг найруулагч Д.Жигжид дэлгэцнээ амьдруулах зорилго тавьжээ. Тэрээр 1986 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс кино зургаа авч эхлэн, улмаар 4 бүлэг орчмын зургийг аваад байсан ч 6 дугаар сарын 5-ны өдрөөс бие нь чилээрхэн, эмнэлэгт хэвтсэнээр зураг авалт зогсжээ.
Найруулагч Бэгзийн Балжинням уг ажлыг үргэлжлүүлснээр “Мандухай цэцэн хатан” хэмээх 4 ангит түүхэн кино 1988 онд дэлгэцнээ гарсан юм.
1961-1988 онд Монголын кино урлагийн мэргэжлийн уран бүтээлчид түүх-хувьсгалын, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн, кино концертын, хүүхдийн, инээдмийн, сэтгэл зүйн гэх мэт агуулга, илэрхийлэл, төрөл, сэдэв бүхий кино бүтээж эхэлсэн бөгөөд кино уран бүтээлчдийн ур чадвар өсөж, дэлхийн бусад оронтой харьцуулбал үйлдвэрлэлийн түвшинд харьцангуй богино хугацаанд хурдацтайгаар хөгжин, улмаар өөрийн гэсэн монгол үндэсний киноны төрхийг олж эхэлжээ. 1990 оныг хүртэлх 50 гаруй жилд “Монголкино” үйлдвэр 160-аад уран сайхны, 1000 гаруй нэрийн баримтат кино, 800 гаруй бүлэг баримтат кино сэтгүүл бүтээж, хот хөдөөд 600 гаруй кино цэг ажилладаг болсон байв.