Жаст фильмс (АНУ)

Тус байгууллага нь Форд сангийн санаачилгаар нийгмийн шударга ёсны тулгамдсан асуудлуудыг судалж, тэгш бус байдлыг бүх хэлбэрээр эсэргүүцэх, бие даасан кино болон шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн төслүүдийг дэмжих, улмаар тэдгээр төслийг цаашид хэрэгжүүлэхэд туслах зорилготой. Санхүүжилтээ нийгмийн шударга ёсны тухай түүх болоод XXI зууны дэд бүтэц гэсэн хоёр чиглэлд хуваарилдаг.

XXI зуунд шударга ёс, эрх тэгш байдлыг эрэлхийлэхэд кино урлаг нь амин чухал хэмээн үздэг аж.

Жаст фильмс нь баримтат киноны практикт онцгой анхаарал хандуулж, кино, видео болон шинээр гарч буй хэвлэл мэдээллийн платформоор дамжуулан, тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр ажилладаг хувь хүмүүс, байгууллага, сүлжээг дэмждэг. Энэ салбарт нөөц бололцоогоо нэмэгдүүлэх, уран бүтээлчдийг манлайлагч болгон хөгжүүлэх, тэдний дуу хоолойг нэмэгдүүлэх, төслийн үр нөлөөг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл нь болж тэдний авьяасыг дэмжихийг хичээдэг.

Тэтгэлэг горилсон бүхий л төслийг ихэвчлэн эмзэг бүлгийн хүн амд хандуулдаг бөгөөд урлагийн чанар, орчин үеийн хамаарал, стратегийн нөлөөлөл, Форд сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцсэн эсэх, нийгмийн хэвшмэл байдал, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоог өөрчлөх боломж, бүтээлч байдал, инновац зэргийг харгалзан үнэлж шалгаруулна.