Хуберт Балс сан (Нидерланд)
Хуберт Балсын сан нь Африк, Ази, Латин Америк, Ойрх Дорнод, Зүүн Европын зарим орны шинийг санаачлагч, авьяаслаг кино найруулагчдын уран сайхны кино бүтээлд туслах зорилготой.
Уг сан төслийн санхүүгийн талыг нарийвчлан авч үзэхээс гадна агуулга, уран сайхны үнэ цэнд голлон анхаарч дэмжлэг үзүүлдэг. 1989 онд үүсгэн байгуулагдсан тус сан бие даасан кино уран бүтээлчдийн нийт 1000 гаруй төслийг дэмжжээ. Эдгээр төслийн 80 орчим хувь нь хэрэгжсэн буюу одоо хэрэгжиж байна.
Хуберт Балсын сан нь санхүүжилтийн хэд хэдэн системийг санал болгодог. Үүнд: Зохиол болон төсөл боловсруулах, эсвэл зураг авалтын үед зориулсан санхүүжилт. Аннхны болон хоёр дахь киногоо бүтээж буй найруулагчдад зориулсан “Гэрэлт ирээдүй”, туршлагатай кино найруулагчдад зориулсан “Дуу хоолой” гэсэн хоёр дэд ангилалд кино зохиол болон төсөл хөгжүүлэх шатны санхүүжилтийг олгоно.