Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан нь Азийн бүтээлч, авъяаслаг кино найруулагчдыг урамшуулах, кино төслүүдээ дуусгахад нь туслах зорилготой сан юм.

Тус сан нь Зохиол хөгжүүлэх сан, Пост продакшны сан, Азийн баримтат киноны сүлжээ сан (AND) гэсэн гурван хэсэгтэй ба бие даасан/тусгаар кино бүтээлийг дэмжиж, тогтвортой үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлэхэд туслах үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү үндсэн зорилгынхоо хүрээнд Хилийн чанад дахь Солонгос кино төслийн дэмжлэг болон Баримтат кино түгээлтийн дэмжлэг үзүүлдэг.

Зохиол хөгжүүлэх сан нь Азийн кино уран бүтээлчдэд анхны болон 2 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино зохиолоо дуусгахад нь дэмжлэг болох зорилготой ба энэхүү санд шалгарсан төслүүдэд тус бүр 10 сая солонгос вон (10,000 ам. доллар) олгодог.

Пост продакшны сан нь зураг авалтын дараахь үйлдвэрлэлд бэлэн чанартай кино төслүүдийг сонгон шалгаруулж, Солонгосын хамгийн сүүлийн үеийн кино үйлдвэр, студид үйлдвэрлэлийн дараах үйл явцыг дуусгах боломжийг олгодог. Энэ санд өнгө шүүлт (DI), дууны найруулга, англи хадмал орчуулга болон дисипи (DCP) бэлтгэх процесс багтана.

Азийн баримтат киноны сүлжээ (AND) сан нь Азийн баримтат киноны үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилготой кино наадам зохион байгуулагчдын нэгдэл юм. Гишүүд нь Азийн баримтат кино найруулагчдын дундын сүлжээг бий болгож бэхжүүлэхийг зорьж байна. Бусаны ОУКН-ыг зохион байгуулагчид тус санг удирдан ажиллуулдаг ба кино наадмын үеэр баримтат кино уран бүтээлчдэд төслөө хөгжүүлэх, ур чадварыг сайжруулах, баримтат кино салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор AND Clinics болон ганцаарчилсан уулзалтуудыг зохион байгуулдаг байна. Мөн сангаас дэмжлэг авсан кино бүтээлийг онцлох үзвэрүүд зохион байгуулж, бусад баримтат кино наадмуудтай хамтран түгээлтийн шинэ боломжийг эрэлхийлж байдаг. 

Азийн кино сан Азийн баримтат болон уран сайхны кино найруулагчдийг өөрсдийн ондоошлыг тодорхойлох, кино салбарт байр сууриа илэрхийлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Энэ зорилгынхоо хүрээнд Бусаны ОУКН-ын үеэр кино уран бүтээлчдэд мэдлэг, туршлагаа хуваалцах форум зохион байгуулж, Ази тивийг хамарсан кино уран бүтээлчдийн сүлжээг бий болгохыг зорьдог. Мөн бусад кино наадмуудтай хамтран Азийн шилдэг уран сайхны болон баримтат киног түгээх боломжийг эрэлхийлдэг.