“Хүнд хүргэх санаа” наадмыг тус улсын соёлын амьдралд уран сайхны бус кино чухал үүрэг гүйцэтгэж буйг нь онцлохоос гадна Оросын баримтат киноны уран бүтээлчдэд олон улсын кино урлагийн ертөнцтэй илүү танилцах боломжийг олгох зорилгоор санаачилжээ. Гэвч жил ирэх тусам наадмын зорилго өргөсөж, үүний үр дүнд уралдааны хөтөлбөрт богино хэмжээний, уран сайхны, хүүхэлдэйн кинонууд нэмэгдсэн байна. Тус наадам жил бүр 50 гаруй уран бүтээлийн Орос дахь нээлтийг толилуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн 300 гаруй киног уралдаант болон тусгай хөтөлбөрийн хүрээнд үзүүлдэг байна.